Хаврын тэргүүн сарын шинийн найманд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо “Сэлэнгэ-2009″ хурдан морины уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбоо, тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Буудайн сан”-тай хамтран зохион байгуулав. Энэ онд Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 50 жилийн ойг өргөн тэмдэглэнэ. Атрын анхны өлгий нутаг Сэлэнгэчүүд түүхт ойгоо угтан шинийн наймны билэгт сайн өдөр хурдан морио уралдуулж түүхт 50 жилийн ойн уухайн түрлэг хадаав.
“Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн хаврын тэргүүн сарын хоёр дахь хурдан морины уралдаанд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Булган, Дундговь, Сүхбаатар, Завхан зэрэг 12 аймаг, Улаанбаатар хотын 600 гаруй хурдан буян гурван насанд хурдаллаа. Зохион байгуулагчдын зүгээс энэ жилээс эхлэн хурдан морь унаач хүүхдийг жилийн турш иж бүрэн даатгалд хамруулсан нь энэ удаагийн уралдааны бас нэгэн онцлог болж байв.
“Сэлэнгэ-2009″ хаврын бүсийн уралдааны азарга насанд 129 хурдан буян гараанаас гарчээ. Төв аймгийн Лүн сумын Х.Баасанбазарын сувдан зээрд түрүүлж, тод магнай торгон жолоо өргүүлэв. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Э.Хэрлэнгийн сартай хонгор хурдалж, айргийн тавд Завхан аймгийн Улиастай сумын уугуул Л.Цандэлэгийн соёмбо хүрэн, Өмнөговь аймгийн Булган сумын С.Хүрлээгийн халзан, Төв аймгийн Батсүмбэр сумын уяач, “Итгэлт орших” группийн ерөнхийлөгч Б.Билэгдэмбэрэлийн цавьдар оржээ.
Харин их насанд газар газрын 280 гаруй шигшмэл хурдан хүлэг уралдсанаас Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Т.Батсайханы бор түрүүлж алтан жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Мягмардоржийн бор хурдалж, айргийн тавд Өвөрхангайн Бүрд сумын уяач “Иточү” группын ерөнхийлөгч Т.Энхбатын босоо хээр, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уяач Дэлгэрдалайн халтар халзан, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Б.Энхболдын егүзэр хээр ирж наадамчин олноо баясгалаа.
Аливаа баяр цэнгэл, наадмын торгон мөч болох соёолон насны морьдын уралдаанд 135 хурдан хүлэг уралдав. Соёолон насанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Мөнхбатын хар түргүүлсэн байна. Аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Тагарваа ламын зээрд хурдалсан бол айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Т.Винтовын бор, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач М.Одмандахын саарал халзан, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Г.Баатархүүгийн хул хурдалж, тод магнай торгон жолоо өргүүлсэн байна.
Энэ удаагийн “Сэлэнгэ-2009″ хурдан морины уралдаанд тод манлай уяач хоёр, манлай уяач ес, 50 гаруй алдарт уяач хурдан хүлгээ сойсон нь үнэхээр улсын наадмын энтэй байж, хаврын бүсийн уралдааны чансааг харууллаа. “Сэлэнгэ-2009″-ийн түрүү магнайг алтан медаль, алтан шармалтай мөнгөн гэрэгэ, зургаан сая төгрөгийн үнэ бүхий өөрөөсөө сийлбэртэй таван ханатай гэрээр байлжээ. Аман хүзүүний моринд мөнгөн медаль, алтан шармалтай мөнгөн гэрэгэ, таван сая төгрөгийн үнэ бүхий өөрөөсөө сийлбэртэй дөрвөн ханатай гэр олгожээ.
Айргийн тавд хурдалсан морьдод алтан шармалтай мөнгөн гэрэгэ, 3-1 сая төгрөгөөр байлж, урамшуулсан байна. Мөн энэ үеэр нутгийн уяачдынхаа амжилтыг үнэлж УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар өөрийн нэрэмжит шагнал 500 мянган төгрөгийг Сүхбаатар сумын уяач М.Одмандах, Б.Эрдэнэгэрэл, Хүдэр сумын уяач Л.Цандэлэг нарт гардуулжээ. Дашрамд сонирхуулахад, Сэлэнгэ аймгийн уяачид ардын хувьсгалын жилүүдэд улсын их баяр наадмаас 21 түрүү, 56 айраг авч байжээ. Ийнхүү Сүхбаатар хотноо “Атрын III” аяны амжилтаа мялааж, атар газар үүссэний түүхт 50 жилийн ойгоо угтсан “Сэлэнгэ-2009″ хурдан морины уралдаан өргөн дэлгэр, сайхан болжээ.
Х.Улсболд
2 сэтгэгдэлтэй - “Сэлэнгэ 2009 морин уралдаан”
Сэтгэгдэл үлдээх
Монгол улсын алдарт уяач, Говьсүмбэр аймгийн харъяат Ч.Цэрэндэжидийн сувдан зээрд үрээний эцэг нь Говьсүмбэр гаралтай, эх нь Төв аймгийн Баянцагаан гаралтай бөгөөд жинхэнэ Боржигон угшлийн адуу юм. Энэ үрээг Улсын алдарт уяач Ч.Цэрэндэжид шүдлэн насанд нь Хөдөө арлын цэнгэл-Зүүн бүсийн наадамд аман хүзүүдүүлээд Б.Баасанбазар уяачид худалдсан байна. Сувдан зээрд хязаалан насандаа Төрийн их наадамд түрүүлж, Хотгойдын хурд-2007 Хангайн бүсийн наадамд аман хүзүүнд хурдалсан хурдан буян даа.
Ih nasnii morinii airgiin 4-n morinii eznii uuguul harya nitag ni Bayankhongor aimag Bogd sum gej zalruulaasau gej huseye.